• Агробизнес

    “БАРУУН БҮСИЙН МАЛ, МАХНЫ ДУУДЛАГА ХУДАЛДАА-2025” ЗАВХАН АЙМАГТ БОЛЛОО

    ХХААХҮЯ болон Хөдөө аж ахуйн бирж, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэгч “Адапт” төсөл хамтран Уур амьсгалын ногоон сангийн санхүүжилтээр  малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилгоор “Баруун бүсийн мал, махны дуудлага худалдаа-2025”-ыг 2025.11.22-23-нд Завхан аймгийн төв Улиастай хотод зохион байгууллаа.

    Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймгийг хамруулсан тус мал, махны дуудлага худалдаанд орон нутгийн мал бэлтгэх болон мах төхөөрөх үйлдвэр, хоршоод танхим болон цахимаар үнэ өсгөх зарчмаар оролцсон байна.

          Энэ үеэр нийт Завхан аймгаас 530 ямаа, Баян-Өлгий амйгаас  20 тонн ямааны мах, 40 тонн үхрийн махыг тус тус худалдан авчээ. Хөдөө аж ахуйн биржийн мэрэгжилтэн И.Анхбат дуудлага худалдааны онцлогийг хэлэхдээ “Баруун бүсийн малчдын малыг эдийн засгийн эргэлтэд оруулах, экспортлогч аж ахуйн нэгжүүд болон дотоодын мах боловсруулах үйлдвэрүүдэд эрүүл ахуй, чанар стандартын шаардлага хангасан мал, махыг  худалдан борлуулахад манай энэ удаагийн дуудлага худалдааны гол зорилго оршиж байгаа юм” гэлээ.

         Мөн дуудлага худалдаанд оролцогчдыг төлөөлж Завхан аймгийн “Бадархундага Оргил” компанийн гүйцэтгэх захирал Ш.Баярмагнай “Манай компани дуудлага худалдаанаас  2000-3000 толгой мал авахаар оролцож байна. Хөдөө аж ахуйн биржийн энэ мал, махны дуудлага худалдаа цаашид үргэлжлээд явбал үйлдвэр, хоршоодыг холбосон зөв зүйтэй ажил болж байна” хэмээлээ.

    “Энхийн хүслийн Ундарга” хоршооны менежер Б.Батболд “Жил болгон манайх Хөдөө аж ахуйн биржтэй хамтарч ажилладаг. Энэ удаа бид Завхан аймгийн төвд 500 гаруй толгой мал дуудлага худалдаагаар худалдан авахаар ирсэн” гэв.

    Эх сурвалж: Хөдөө аж ахуйн бирж


    Сургалт | Бүртгэл

    Манай сургалтанд бүртгүүлэхийг хүсвэл и-мэйл ээ үлдээнэ үү ...