Ж.ЭНХБАЯР, М.БАДАМСҮРЭН НАР САЙДЫН АЛБАН ТУШААЛДАА ТОМИЛОГДОЖ, АЖЛАА ХҮЛЭЭН АВЛАА
МАН-ын XXXI Их хурлаар Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал МАН-ын даргаар сонгогдож улмаар УИХ-ын дарга болсонтой холбоотойгоор Г.Занданшатарын тэргүүлж буй Засгийн газрын гишүүдийн бүрэлдэхүүнд тодорхой өөрчлөлт оруулах шаардлагатай болсон билээ.
Тиймээс УИХ-ын чуулганы/2025.11.25/ нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Ж.Энхбаярыг Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдаар, М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар томилсон тухай захирамжаа танилцууллаа. УИХ-ын гишүүдэд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууу, хариулт авсаны дараа дээрх сайд нар тангараг өргөлөө.
Чуулганы үеэр гишүүдийн зүгээс сайдад нэр дэвшигч М.Бадамсүрэнгээс асуусан асуултуудын дотор ХХААХҮЯ-ыг Улаанбаатар руу нүүлгэх үү? “Шинэ хоршоо” хөдөлгөөний бодлогыг хэрхэн хэрэгжүүлэх вэ гэсэн хоёр асуултыг илүү сонирхсон юм. М.Бадамсүрэн “Томилогдсоныхоо дараа нөхцөл байдалтай танилцана. Ажилтан албан хаагчидтай уулзалт зохион байгуулна. Тэдний байр орон сууц, нийгмийн асуудал хэрхэн шийдэгдсэн, хот хооронд явж ажил амжуулахад ямар хүндрэл бэрхшээл тулгардаг зэрэг асуудлыг судална. Ер нь төрийн бодогын залгамж чанар үргэлжилэх нь зөв. Шинэ хоршоо хөдөлгөөнийг цаашид илүү дундын хоршоо чиглэлд нь хөгжүүлэх бодлого барина” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Мөн өдрийн орой Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр ХХААХҮ-ийн сайдаар томилогдсон М.Бадамсүрэнд ажлаа хүлээлгэн өглөө.
ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн ажилласан байдлын хувьд ШУТИС-ийг газрын тосны инженерээр, Удирдлагын академийг төрийн захиргааны менежментээр тус тус төгсчээ.
Тэрээр,
2001-2002 онд
Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газрын түгээгч, эрхлэгч
2007-2009 онд
Магнай трейд ХХК-ийн салбарын дарга
2009-2012 онд
Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дэд дарга
2012 оноос
Дорнод аймгийн Монгол Ардын Намын хорооны дарга
2014-2015 онд
Дорнод аймгийн Засаг даргын орлогч
2015-2024 онд
Дорнод аймгийн Засаг дарга
2024 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
